Энержи Ресурс компани нь Монгол Улсын тэргүүлэгч компаниудын нэг болохын хувьд орон нутгийн төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Энержи Ресурс компани нь Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болохын хувьд орон нутгийн төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд тус компаниас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан бодит хувь нэмрээс тоймловол:
Татвар төлөлт
Татвар төлөлтөөр улсын хэмжээнд тогтмол ТОП 5-д бичигдэн “айрагдаж” ирсэн бөгөөд үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд улс, орон нутгийн төсөвт татвар, АМНАТ, хураамж шимтгэл хэлбэрээр 3 их наяд орчим төгрөг төвлөрүүлсэн.
Ажлын байр
Үндэсний боловсон хүчний нөөц боломжид тулгуурласан бүтээн байгуулалт хийж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингэснээр Ухаа худаг төслийн хүрээнд нийт 8,000 орчим иргэн шууд ажлын байраар хангагдаж байгаагийн 40 орчим хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байна. Бид өнөөг хүртэл 1,800 гаруй залууст мэргэжил олгож, мэргэшүүлэн сургажээ.
Хөрөнгө оруулалт
Ухаа худаг уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрлэл, усан болон цахилгаан эрчим хүчний хангамж, ажилтнуудын суурьшил, нийгмийн дэд бүтцийн цогц бүтээн байгуулалтын ажилд өнөөг хүртэл 1.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Худалдан авалт
Өнөөг хүртэл бид олон салбарын төлөөлөл 2,500 орчим компанитай тогтвортой, тууштай хамтран ажиллаж байна. 2025 онд дотоодынхоо аж ахуйн нэгжүүдээс 2 их наяд орчим төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан нь нийт худалдан авалтын 77 гаруй хувь байна.
Компанийн нийгмийн хариуцлагын бодлого
Энержи Ресурс компани 2005 онд байгуулагдсан цагаасаа хойш оролцогч талуудтай нягт хамтран ажиллах замаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, улс орны болон орон нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулж ирсэн.
Бид компанийн нийгмийн хариуцлага (КНХ) гэх ойлголтыг нэг удаагийн хандив, тусламж эсхүл богино хугацааны төсөл, хөтөлбөрүүд гэх мэт хязгаарлагдмал хүрээнд авч үздэггүй. Харин олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацааны, бодитой хувь нэмэр оруулж, тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгохыг зорьдог.
Энэ утгаараа Олон Улсын Стандартын Байгууллагаас 2010 онд гаргасан ISO 26000: КНХ-ын зөвлөмж болон Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудаас гаргасан удирдамжуудад үндэслэн КНХ-ын бодлогоо боловсруулж, үйл ажиллагаандаа тусгаж ирсэн.
Өнөөдөр Энержи Ресурс ХХК нь уул уурхайн салбарын хэмжээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг компанийн нэгээр нэрлэгдэж, оролцогч талуудынхаа итгэлийг хүлээн, нийгмийн зөвшөөрлөө зүй ёсоор ханган ажиллаж байна.
Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багуудын албан ёсны түнш
Монгол Улсад олимпын төрлийн спортыг дэмжих, багийн спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Энержи Ресурс компани нь Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багуудын албан ёсны түншээр зургаа дах жилдээ ажиллаж, Энержи 3х3 сагсан бөмбөгийн клуб ТББ, Монголын сагсан бөмбөгийн холбоо ТББ, Сагсан бөмбөгийн аваргуудын дээд лиг зэрэг нийгмийн төлөөх, ашгийн бус ТББ-уудтай нягт хамтран ажиллаж ирлээ.
Хамтын ажиллагааны үр дүнд Монголд уламжлалт болон 3х3 төрлийн сагсан бөмбөгийн хөгжил жилээс жилд урагшлан, чансаа ахиж байгаа төдийгүй энэ төрлөөр Монголын шигшээ баг маань Олимпын тавцанд өрсөлдөж эхэлсэн билээ.