245 км хатуу хучилттай авто зам, орчин үеийн авто бааз, засварын төвөөр найдвартай тээвэр, ложистикийг хангадаг.
Энержи Ресурс ХХК нь тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаа, байгаль орчин болон орон нутагт үзүүлэх нөлөөллийг бууруулах, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч ажилладаг. Компанийн тээврийн үйл ажиллагааг туршлагатай, мэргэшсэн жолооч нарын баг, орчин үеийн тээврийн хэрэгслээр тоноглогдсон өөрийн авто бааз түшиглэн хэрэгжүүлдэг.
Энержи Ресурс компани нь мэргэшсэн жолооч нарын баг бүрэлдэхүүн, орчин үеийн тээврийн хэрэгслүүд бүхий бие даасан авто баазтай. Мөн хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд бүрэн засвар үйлчилгээ үзүүлэх орчин үеийн засварын төвүүдтэй учир тээврийн найдвартай, хариуцлагатай ажиллагааг бүрэн хангаж ажилладаг.
Тус компани нь Ухаа худаг – Гашуун сухайт чиглэлд үйлдвэрлэлийн зориулалтын, 245 км хатуу хучилттай авто зам барьж, 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу 2014 онд төрд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Уг авто замын барилгын ажилд үндэсний 40 гаруй туслан гүйцэтгэгч компанийн 1,200 гаруй инженер, техникийн ажилтан гар бие оролцсон байдаг.
Хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор тээврийн эрчим, аюулгүй ажиллагаа эрс дээшилж, шороон замын тээвэрлэлтээс үүдэлтэй тоосжилт гэх мэт сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон ахиц гарсан. Мөн 2012 онд Гашуунсухайтын боомтын өргөтгөлийг хийж гүйцэтгэх зэргээр Тавантолгойн бүсийн тээврийн дэд бүтцийг сайжруулахад хувь нэмрээ оруулж ирсэн.