Энержи Ресурс компани ажилтнуудаа үнэт зүйл хэмээн дээдэлж, эрүүл аюулгүй ажлын орчин, тэгш боломж, хөгжих нөхцлийг нэн тэргүүнд бүрдүүлдэг.
Энержи Ресурс компани нь ажилтнуудаа үнэт зүйл хэмээн дээдэлж, тэдний эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцлийг бүрдүүлж, ур чадварыг нь хөгжүүлэхийг нэн түрүүний зорилго болгодог. Тус компани нь ажилтнуудын эрхийг дээдэлж, ижил тэгш боломжоор хангахаас гадна сонгон шалгаруулахдаа мэргэжил, ур чадварын түвшинг эн тэргүүнд харгалзан үздэг. Мөн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах чиглэлд онцгой анхаарал хандуулдаг.
2026 оны байдлаар компани нийт 3,000 орчим үндсэн ажилтнуудтайгаас 40 орчим хувийг орон нутгийн иргэд, тухайлбал Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгад, Баян-Овоо, Ханхонгор сумын иргэд зонхилон бүрдүүлжээ. Түүнчлэн Ухаа худаг цогцолборын хүрээнд нийт 7,800 орчим хүнийг шууд ба шууд бус ажлын байраар хангаж байна. Уурхайн ажилтнуудын ажиллаж, амрах тав тухтай нөхцлийг бүрэн хангасан “Галерей” төв кэмп нь нийт 650 хүний багтаамжтай бөгөөд уурхайчдын бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн онцлогтой.
Ажилтнуудаа орон нутагт гэр бүлээр нь, тав тухтай шилжүүлэн суурьшуулах бодлогын хүрээнд Цогтцэций суманд орчин үеийн “Цэций 1 ба 2” 800 айлын орон сууцны хороолол, “Уурхайчин” жишиг гэр хороолол, “Зузаахай” цэцэрлэг болон “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж байгуулсан бөгөөд тогтвортой ажиллах нөхцлийн хүрээнд ажилтнуудаа орон сууцаар үнэ төлбөргүй хангадаг.
Энержи Ресурс компани үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд ажиллагсад, гэрээт гүйцэтгэгчид болон олон нийт, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагад нэн тэргүүний ач холбогдол өгч, эрүүл, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэн, “Осол гэмтлийг тэглэх”, “Аюулгүй эхэлж, аюулгүй дуусгая” уриаг эрхэмлэн ажиллаж ирсэн.
Бид олон улсын ISO 45001:2018 стандарт “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү нэгдсэн менежментийн тогтолцоо нь ХАБЭА-н бодлого, зорилго, зорилт, шаардлага болон тэдгээрт хүрэх арга замыг тодорхойлсон цогц систем тул компаниас хэрэгжүүлж буй бүхий л төсөл, үйл ажиллагаанд мөрдөгддөг.
Энержи Ресурс компанийн осол гэмтлийн давтамж үзүүлэлтүүд нь уул уурхайн салбарын олон улсын дунджаас доогуур байдаг. ХАБЭА-н хүрээнд ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн нөхцлийг тодорхойлох, нийт ажиллагсдад сургалт зохион байгуулах, ажлын байрны үзлэг хийх, үл тохирлыг арилгуулах, ослын судалгаанд тулгуурлан залруулах арга хэмжээг төлөвлөх гэх мэт ажлууд компанийн хэмжээнд тогтмол явагддаг. Тухайлбал ажлын байрны аюулгүйн үзлэгийг жилд дунджаар 200 орчим удаа зохион байгуулж байна. Мөн ажиллагсдад зориулсан ХАБЭА, аюулгүй ажиллагаа, эрсдлийн менежмент, анхны тусламжийн сургалт, зааварчилгаанууд тогтмол хийгддэг. Ухаа худаг уурхайд яаралтай тусламжийн тасаг болон онцгой байдлын аврах бүлэг 24 цагаар ажиллаж, байнгын бэлэн байдлыг хангадаг.
.jpg)


