Орон нутгийн хөгжил

Энержи Ресурс компани “сайн хөрш”-ийн зарчмаар орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон чиглэлд урт хугацааны төсөл, хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлдэг.

Зорилго

Орон нутгийн хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд Энержи Ресурс компани нь байгуулагдсан цагаасаа хойш “сайн хөрш”-ийн зарчим баримтлан, олон нийтийн оролцоог дэмжих, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах зорилгоор хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөг тогтмол зохион байгуулж ирсэн. Мөн орон нутагт үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллөө тооцож, эерэг нөлөөллийг дэмжих, сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс нийт 8 чиглэлд урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлж байна.

Орон нутгийн төсөл, хөтөлбөрүүд

Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дүгээр заалт болон Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан загвар гэрээний хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Энержи Ресурс компани хооронд Хамтын ажиллагааны гэрээг 2017 онд байгуулсан. Энэхүү гэрээний дагуу орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдуулан олон нийтэд хүртээмжтэй, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх зарчмыг баримталж байна.

Ажиллагсдыг суурьшуулах хөтөлбөр

Сумын хүн амын шилжилт хөдөлгөөнийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх, ажилчдын тогтвор суурьшлыг дэмжих зорилгоор бид 2011-2013 онуудад “Уурхайчин” гэр хороолол болон “Цэций 1” 650 айлын бүрэн тавилгатай орон сууцны хорооллуудыг барьж байгуулсан. 2025 онд шилжин суурьших ажилтнуудын хэрэгцээнд үндэслэн “Цэций хороолол 2А, 2Б” нийт 300 өрхийн орон сууцыг барьж эхний 150 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Мөн “Уурхайчин 1, 2” хорооллуудад өргөтгөл хийснээр 122 өрх тус хороололд нэмж суурьшсан байна. Компанийн зүгээс тогтвортой ажиллах гэрээний хүрээнд ажилтнуудаа орон сууцанд үнэ төлбөргүй оруулдаг.

Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, мэргэжил олгох

Бид ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах, орон нутгийн харьяат ажилчдыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Хүний нөөцийн нээлттэй өдөрлөгийг Цогтцэций суманд тогтмол зохион байгуулдаг. Мөн орон нутгийн иргэдийг мэргэшүүлэн сургаж, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор хүнд машин механизмын оператор бэлтгэх сургалтын төв ажиллуулж, ажилчдыг сургах, мэргэжил олгох сургалтуудыг зохион байгуулдаг. Энержи Ресурс компани өнөөг хүртэл 1,800 гаруй залуусыг Хүнд машин механизмын чиглэлээр мэргэшүүлэн сургаж, ажлын байраар хангаад байна.

Эрчим хүчний нүүрсний дэмжлэг

2009 оноос хойш Өмнөговь аймгийн Даланзадгадын дулааны цахилгаан станц, Цогтцэций, Баян-Овоо, Булган, Хүрмэн, Мандал-Овоо, Манлай, Номгон, Ханбогд, Цогт-Овоо, Сэврэй, Ханхонгор сумдын айл өрх, албан байгууллагуудын эрчим хүч хэрэгцээний нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлж, өвөлжилтийн бэлтгэлд хувь нэмрээ оруулж ирсэн.

Унд, ахуйн цэвэршүүлсэн усан хангамж

Бид ус хангамжийн системийнхээ хүрээнд уурхайн ахуйн болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангахаас гадна Цогтцэций сумыг ундны цэвэршүүлсэн усаар хангадаг. Ингэхдээ говийн бүсийн эрдэсжилт, хатуулаг өндөртэй усыг 99% хүртэл цэвэршүүлэн шүүж, Монгол Улсын ундны усны стандартад хүргэн нийлүүлж байна.

Орон нутгийн жижиг бизнесийг дэмжих төсөл

Орон нутгийн малчид, иргэдийн жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор 2014 оноос бид Хас банктай хамтран “Малчдын тогтвортой амьжиргааг дэмжих хөтөлбөр”-ийг эхлүүлсэн нь 2017 оноос “Иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих төсөл” болгон өргөжсөн. Уг хөтөлбөрийн хүрээнд бид Хас банканд зээлийн сан байршуулж, хөнгөлөлттэй нөхцөлтэй, 3 хүртэлх жилийн хугацаатай, хүүгүй зээл олгож орон нутгийн жижиг бизнесүүдийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлж байна. Өнөөг хүртэл 130 гаруй жижиг бизнес эрхлэгчдэд 1.1 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг олгосон байна.

Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөр

Бид Цогтцэций сумын дунд сургуулийн ачааллыг бууруулах, орон нутагт чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх үүднээс 1,000 орчим хүүхдийн хүчин чадал бүхий “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолборыг байгуулснаас гадна Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийг урт хугацаанд хэрэгжүүлж ирлээ.

Эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр

Орон нутгийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд бид эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог орон нутагт тогтмол зохион байгуулж ирсэн. 2025 онд хүүхдийн эрүүл мэндийн үзлэгт сумын 0-16 насны хүүхдүүдийг хамруулан, нийт 900 орчим хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийгдсэн байна.

Өвс тэжээлийн тусламж

Орон нутагт дэмжлэг үзүүлэх “Сайн хөрш” хөтөлбөрийн хүрээнд бид 2008 оноос хойш жил бүр өвөл хаврыг өнтэй давахад зориулан орон нутгийн малчид, Өмнөговь аймгийн сумдын фондод өвс, тэжээлийн тусламж үзүүлж ирлээ. Жилд дунджаар 9-10 мянган боодол өвс, 45-50 тонн тэжээл татан авч бэлдэж байна.

Газар тариалан эрхлэлтийг дэмжих төсөл

Цогтцэций сумын иргэдийн газар тариалан эрхлэх санаачилгыг дэмжих, нутгийн хөрсөнд ургуулсан эрүүл төмс, хүнсний ногоогоор өрхийн хэрэгцээгээ хангахад дэмжлэг үзүүлэх, цаашлаад өрхийн бизнесийг дэмжих зорилготой газар тариалангийн төслийг бид өөрсдийн байгуулсан Ойн зурваст 2011 оноос хойш хэрэгжүүлж байна. 2025 онд гэхэд ойн зурвасын 4 га талбайд Цогтцэций сумын өрх, айлууд болон хоршоод хүнсний ногоо тариалж нийт 15 тонн ургац хураан авжээ.

Бусад холбоосууд

Тогтвортой хөгжил

Тогтвортой хөгжил

Компанийн тогтвортой хөгжлийн нэгдсэн бодлого, хандлага.
Ажиллагсад

Ажиллагсад

Хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтны хөгжил.
Байгаль орчин

Байгаль орчин

Нөхөн сэргээлт, ойжуулалт, усны менежмент, ISO стандарт.
Нийгэм, эдийн засгийн үр өгөөж

Нийгэм, эдийн засгийн үр өгөөж

Татвар, ажлын байр, хөрөнгө оруулалт, худалдан авалт.