Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаанд дараах зарчмуудыг удирдлага болгоно. Үүнд:
- Хууль, эрх зүйн нийцэл: Бид Олон улсын болон Монгол Улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, стандартуудыг үйл ажиллагааныхаа үе шат бүрд баримталж, нийгмийн түншлэлийг хангаж ажиллана.
- Тэгш, шударга сонгон шалгаруулалт: Компанийн эрхэм зорилго, үнэт зүйл, алсын хараанд үндэслэн ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг хүсэлт гаргасан ажил горилогч бүрд адил, тэгш боломж олгох, шударгаар сонгон шалгаруулах зарчимд тулгуурлан зохион байгуулна.
- Сайн дурын хөдөлмөр эрхлэлт: Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь сайн дурын үндсэн дээр явагдах бөгөөд албадан хөдөлмөр эрхлэлтийг үл тэвчинэ. Мөн цэргийн болон ялтны хөдөлмөрийг аливаа хэлбэрээр ашиглахгүй.
- Тогтвортой ажлын байр: Компанийн ажилтнуудыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд суурьшиж, гэр бүлийн гишүүдийн хамт тогтвор суурьшилтай, тав тухтай, аюулгүй орчинд амьдрахад шаардлагатай дэмжлэгийг үе шаттайгаар хэрэгжүүлэн, дэмжин ажиллана.
- Хүндэтгэлтэй харилцаа: Ажлын байранд аливаа дарамт (бие махбодь, сэтгэлзүйн, бэлгийн, бусад), хүчирхийлэл, шударга бус үйлдлийг үл тэвчих бөгөөд хүндэтгэлтэй харилцааг эрхэмлэнэ.
- Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө: Ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал санаачилга дэвшүүлэх эрх, эрх чөлөөг дээдэлж, шийдвэрлэх үйл ажиллагааг шударга, ил тод явуулна.
- Олон талт оролцоо: Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцогч талууд (гадаад, дотоод)-г ялгаварлан гадуурхалгүй, тэгш боломжийг олгож, олон талт оролцоо (нас, хүйс, үндэс угсаа, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн байдал, шашин шүтлэг, соёл, бэлгийн чиг баримжаа, бусад)-г хангаж ажиллана.
- Барьцаагүй хөдөлмөр эрхлэлт: Компанид ажилд орох зорилготой иргэнээс мөнгөн болон мөнгөн бус барьцаа шаардах, аливаа төрлийн бичиг баримтын эх хувийг авах, бичиг баримт болон хөрөнгө барьцаалах үйлдлийг хориглох бөгөөд барьцаагүй хөдөлмөр эрхлэлтийн орчныг бүрдүүлнэ.
- Ажилтны хөгжил: Салбарын мэргэжилтэн бэлтгэх болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх бүх чиглэлийн зорилгоор сургалтын байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллаж, ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, карьерийн ижил тэгш боломжийг бүрдүүлнэ.
- Гүйцэтгэлд суурилсан цалин хөлс, урамшуулал: Гүйцэтгэлийн үнэлгээ, шагнал урамшуулал, цалин хөлсний систем нь ажилтны ажлын гүйцэтгэл, ур чадварт суурилсан байх бөгөөд үнэлгээний зарчим нээлттэй, ил тод байна.
- Ажлын байрны ёс зүй: Ажлын байранд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэх, ашиг сонирхлын зөрчил болон бусад төрлийн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргахыг үл тэвчих бөгөөд нийт ажилтнууд компанийн дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллахыг эрхэмлэнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажил эрхлэлт: Иргэний хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон орчин, ажлын байрны тохируулга, хэрэглэгдэхүүнийг бэлтгэж, боломжит ажлын байранд хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр ханган ажиллах бөгөөд хөгжлийн бэрхшээлийн шалтгаан нь цалин хөлс, хөнгөлөлт хангамжийг хязгаарлалттай тогтоох, хөгжих дэвших боломжийг бууруулах нөхцөл болохгүй.
- Ахмад настны хөдөлмөр эрхлэлт: Ахмад настныг боломжит ажлын байранд хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр ханган ажиллана.
- Насанд хүрээгүй хүүхдийн ажил эрхлэлт: Насанд хүрээгүй хүүхдийг хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөл бүхий уурхайн бүсэд ажиллуулахгүй.
Энэхүү бодлого нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд бодлогыг “Энержи Ресурс Корпораци” ХХК, түүний зэргэлдээ болон охин компаниуд, гэрээт компаниуд дагаж мөрдөнө.